Mongolian Flag AMGEF Logo EU Flag French Flag

"Grand Est Open-2025"

Сагсан бөмбөгийн тэмцээний ерөнхий удирдамж

Нэг. Тэмцээний зорилго

Бүгд Найрамдах Франц Улсын Гранд-Эстийн (Их Дорнын) Монголчуудын "AMGEF" холбооноос 2 дахь удаа зохион байгуулагдаж буй "Grand-Est Open 2025" сагсан бөмбөгийн тэмцээн 2025 оны 04 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд 31 RUE CHARLES GOUNOD 67550 VENDENHEIM хаягт байрлах спорт зааланд болно.

Энэ жилийн ээлжит тэмцээний онцлох үйл явдал нь "Монголын Сагсан бөмбөгийн холбоо"-ны Үндэсний дээд лигийн 30 жилийн ойтой давхцаж байгааг дурдах нь зүйтэй. Сагсан бөмбөгийн спортыг сурталчлан таниулах, тоглолтын техник, ур чадварыг сайжруулах, шигшээ багийг бүрдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, хамт олны нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэхэд тэмцээний гол зорилго оршино.

Хоёр. Тэмцээн болох хугацаа, байршил

2025 оны 04-р сарын 19-20 ны өдрүүдэд "31 RUE CHARLES GOUNOD 67550 VENDENHEIM" спорт зааланд болно.

Гурав. Тэмцээний зохион байгуулалт, хамрах хүрээ

Тэмцээн олон улсын сагсан бөмбөгийн холбооны дүрмээр явагдана. Тоглолт бүрд талбайн 2 шүүгч, бүртгэл болон онооны 2 шүүгч ажиллана. Хэсгийн тоглолт бүр 10 минутаар 2 үе үргэлжилнэ. Финалын тоглолт 8 минутаар 4 үе үргэлжилнэ. Баг тамирчид тэмцээнд ерөнхий шүүгч болон тэмцээн зохион байгуулагчдаас тавьсан шаардлага, санал хүсэлтийг хүндэтгэн оролцоно.

Энэ удаагийн тэмцээний насны ангилалд бага зэрэг өөрчлөлт орсоныг та бүхэнд сонордуулая. (Өмнөх жилийн тэмцээнд оролцогчдоос ирүүлсэн саналыг хүндэтгэсэн болно.)
Эрэгтэй: -35, +35 нас. Эмэгтэй: насны хязгаар тогтоогоогүй.

Дөрөв. Тэмцээн зохион байгуулах журам

1. Тэмцээний нээлт 04 сарын 19-ны 14:00 цагт болох ба баг тамирчид тэмцээний нээлтийн ажиллагаа эхлэхээс 30 минутын өмнө өөрийн багийн туг, далбааг авч ирсэн байх.

2. Оролцох баг тамирчид өөрийн багууллага, багийн нэрийг тодорхой бичсэн, спортын нэгдсэн хувцас, хувийн дугаартай байна.

3. Нэг баг 10 тоглогч, 1 дасгалжуулагчтай байж болно.

4. Тэмцээний удирдамж болон тухайн үед зохион байгуулагчдын зүгээс тавьсан шаардлагыг биелүүлж, ёс зүйтэй байх.

5. Тэмцээний явцад тэмцээний талаар болон өөр бусад асуудлаар маргаан гаргахгүй байх, шүүгчтэй маргалдахгүй байх (Шүүгчийн гаргасан шийдвэр эцсийнх байна).

6. Баг, тамирчид өөрийн багийг дэмжихээр хүрэлцэн ирсэн хөгжөөн дэмжигчдийн зохион байгуулалтыг хариуцан аливаа зүй бус үйлдэл гаргуулахгүй байх.

7. Баг, тамирчид болон хөгжөөн дэмжигчид бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох, тоглолтын үед хараал хэлэхийг хатуу хориглоно.

8. Тэмцээний үед удирдамжид заасан дэг журам болон зохион байгуулагчдын зүгээс тухайн үед тавьсан шаардлагыг биелүүлээгүй баг, тамирчдад нэг удаа сануулах арга хэмжээ авах бөгөөд дахин зөрчил гаргавал тухайн багийг тэмцээнээс хасах хүртэл арга хэмжээ авна.

9. Баг, тамирчид хуваарьт тоглолт болох цагтаа ирээгүй бол 5 минут хүлээх бөгөөд дээрх хугацаанд амжиж ирээгүй тохиолдолд тухайн тоглолтод хожигдсоноор тооцно.

10. Тэмцээнд оролцож буй багт аялалаар явж байгаа (Европд амьдардаггүй) тамирчинг оролцуулахгүй болно.

Тав. Техникийн зөвлөгөөн

1. 2025 оны 04-р сарын 18-ны Баасан гарагийн 19:00 цагаас тэмцээн болох спорт зааланд болно.

2. Техникийн зөвөлгөөнд багийн дасгалжуулагч болон багийн ахлагч нар оролцоно. Зөвөлгөөнд ирэхдээ тэмцээний хураамж төлсөн баримт болон багийн мэдүүлгийг авч ирнэ.

3. Тамирчдын мэдүүлгийг grandest.amgef.org цахим хаягаар 2025.04.14-ныг дуустал хүртэл хүлээн авна.

Зургаа: Бүртгэлийн хураамж

Тэмцээнд оролцох багийн хураамж нэг багийн 250 евро байна. Хураамжийг техникийн зөвөлгөөнөөс өмнө зохион байгуулагчдын илгээсэн зааврын дагуу тушаасан байна.

Долоо: Шагнал

1. Тэргүүн байр: (эр, эм) Өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал*

2. Дэд байр: (эр, эм) Өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал*

3. Гутгаар байр: (эр, эм) Өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал*

4. Тусгай шагнал: Шилдэг тоглогч (эр, эм) – цом, мөнгөн урамшуулал

*Мөнгөн шагналд нийт оролцох багийн тооноос хамаарч цугларсан хураамжийн 80%-ийг шагналт байранд орсон багуудад хуваарилж, гардуулах болно.

Жич: Алсын зайн шидэлтийн бооцоот тэмцээнийг хэсгээс шалгарсан баг тамирчдын дунд зохион байгуулагдана.

Найм. Анхааруулах зүйлс

1. Хоол, ус, ундааны хаягдлыг зориулалтын хогийн саванд хаях

2. Тамхийг зөвшөөрөгдсөн газарт татах

3. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх, хэрэглэсэн үедээ талбайд гарахыг хориглоно.

4. Нийт тамирчид өөрийн солих хувцас, эд зүйлээ өөрөө хариуцна. Гээсэн, алдагдсан эд зүйлийг зохион байгуулах комисс хариуцахгүй болно.

Ерөнхий зохион байгуулагч: AMGEF холбоо

Хамтран зохион байгуулагч: "Mairie de Vendenheim"